Инженер техникийн ажилтнуудын зөвлөгөөн болов

Нийтэлсэн: 2023-12-04

 

Өнгөрсөн сарын 30-ны өдөр “ЦДҮС ТӨХК”-ийн “Инженер техникийн ажилтнуудын зөвлөгөөн-2023” арга хэмжээг Техникийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс амжилттай зохион байгууллаа. Төв удирдлага, 5 салбарын нийт  95 инженер техникийн ажилтан оролцсон тус зөвлөгөөнд урилгаар компанийн ахмадын хорооны дарга, Монгол Улсын зөвлөх инженер Л.Дарамбазар, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-ын  Ерөнхий инженер Ш.Энхбаатар, ШУТИС-ын барилга архитектурын сургуулийн профессор Я.Дүйнхэржав нар оролцсон юм. Компанийн алсын хараа, хэтийн зорилгыг хэрэгжүүлэхэд шугам тоноглолын өнөөгийн төлөв байдал, тэдгээрийн ашиглалтад тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцож, цаашдын чиг хандлагыг онол, судалгаа, шинжилгээ, хэрэгжүүлсэн туршлага дээр үндэслэн тодорхойлох, шийдвэрлэх зорилгоор доорх сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлэг хийж  санал солилцов.

1. Шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, Ухаалаг дамжуулах сүлжээ болох техникийн шийдэл, тооцоо судалгааг эрчимтэй хийж бие даасан “СКАДА” тоолуурын нэгдсэн системийг үүсгэх

2. Боловсон хүчний чадавхийг бэхжүүлэн, мэргэжлийн ур чадварыг сайжруулах

3. Оношилгоо, диагностикийн иж бүрэн системийг үе шаттай нэвтрүүлж, засвар, шинэчлэлтийн ажлын төлөвлөлтийг оновчтой болгож, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх

4. Цахилгаан дамжуулах агаарын шугамд техникийн магадлагаа хийх “Агаарын шугамын техникийн нөхцөл байдал ба агаарын шугамын эд ангиудын нөөц чадамжийг үнэлэх аргачилсан заавар”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж, ЦДАШ-н ашиглалтын болон техникийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх

5. Реле хамгаалалт, автоматикийн байгууламжийн найдвартай ажиллагааг дээшлүүлж, шинэчлэлтийн ажлыг эрчимтэй хийх

6. Цахилгаан эрчим хүчийг тасралтгүй найдвартай дамжуулах, техникийн алдагдал багатай, эрчим хүчний салбарын хэтийн төлөвлөлттэй уялдсан схемийн шийдэл, горимын тооцоо судалгааг гүнзгийрүүлж, горимын оновчлолыг дээшлүүлэх

7. Байгаль ус, цаг уурын олон жилийн судалгааг мэргэжлийн байгууллагаар гаргуулж “Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт”-ийг норм дүрмийн номонд өөрчлөлт оруулахад холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах

8. Монгол улсын байгаль цаг уурын нөхцөлд тохирсон, олон улсын стандартын шаардлагад нийцсэн, хүчний трансформаторын худалдан авалт хийхэд онцгой журам хэрэгжүүлж, худалдан авалтыг дамжуулах сүлжээ компани бие даан хийх боломжийг бүрдүүлэх талаар зохих санал гаргаж, удирдах дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэх

9. Цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээтэй уялдуулан дамжуулах сүлжээнд өргөтгөл, шинэчлэлт хийх, шинээр залгагдах эх үүсгэвэр болон хэрэглэгчдийг эрчим хүчний системд холбох, зүгшрүүлэлт хийх ажлуудад бусад байгууллагатай хамтрах ажлын уялдаа холбоог сайжруулах

Зөвлөгөөнд урилгаар хүрэлцэн ирсэн зочид  болон компанийн инженер техникийн ажилтнууддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье!


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.