“Эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг дэмжих тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” хэрэгжинэ .

Нийтэлсэн: 2026-01-18

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг дэмжих тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн Буцалтгүй тусламжийн солилцох ноот бичиг болон Буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сангийн яаманд зохион байгуулагдлаа.
Тус төсөл нь Япон Улсын Засгийн газрын 500.0 сая иен (3.14 сая ам.доллар)-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх юм.
Тодруулбал, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн санаачилгаар цахилгаан эрчим хүчний системийн засвар үйлчилгээ, оношилгоо шинжилгээ, найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор хүчний трансформатор туршилтын явуулын лаборатори 2 иж бүрдэл мөн эрчим хүчний сүлжээний ажиллагааг тухайн цаг мөчид бодитоор хянах бүрэн дижитал симмулятор тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх ажлыг Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА)-ээр дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Манай улс цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 80 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн 20 орчим хувийг импортоор хангаж байгаа бөгөөд тоног төхөөрөмжийн хүрэлцээ, шинэчлэл, найдвартай ажиллагаа нь тулгамдсан асуудал болсоор байна. Ийм нөхцөлд уг төсөл хэрэгжиж байгаа нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн тогтвортой ажиллагааг хангах, засвар үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх, улмаар сэргээгдэх эрчим хүчийг илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Сангийн яамны дэд сайд Б.Хулан “Энэхүү төсөл хэрэгжсэнээр манай улсын эрчим хүчний хангамжийг тогтворжуулах, цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн тогтвортой ажиллагаа, засвар үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн” юм.


© 2026 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.