Мэндчилгээ

Нийтэлсэн: 2023-07-10

 

Эх орны гал голомтын эзэд, илч гэрлийн түүчээ болсон эрчим хүчний салбарын нийт ажилтан албан хаагчид болон дамжуулах сүлжээний үе үеийн ахмад зүтгэлтэн, хамт олондоо Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Ардын хувьсгалын 102 жил, Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 101, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 56 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчийг тасралтгүй найдвартай дамжуулах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, жараад жилийн түүхийг өртөөлсөн дамжуулах сүлжээнийхэн  амжилт ололтоо бататган ахиулж, урагшлан тэмүүлж байна. Манай компаниас салбарын “Шилдэг мастер” тодорч, Эрчим хүчний салбарын түүхт 100, 101 жилийн ойгоор Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан нэгээр нэмэгдсэн бахархам үйл явдлууд тохиосныг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эрчим хүчний салбарт хийгдэх томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хамтран ажиллах хариуцлагатай үүргийг бид гүйцэтгэж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур”-ын төсөлд хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ онд багтааж ашиглалтад хүлээж авах юм.  Дэлхийд томд тооцогдохуйц 80 МВт суурилагдсан хүчин чадалтай, 200 МВт цагийн багтаамж бүхий Литиум-Ион төрлийн батарей ашигласан хуримтлуурын байгууламжийг суурилуулж, 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцад холбосноор Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний системийн тогтвортой найдвартай ажиллагаа дээшилнэ. Энэхүү том чадлын хуримтлуурыг суурилуулах ажлын явц 50%-ийн гүйцэтгэлтэй байна.  Мөн “Оюу толгой” төсөлд зориулж цахилгаан эрчим хүч худалдан авах, худалдах тухай гэрээний “Нэмэлт гэрээ”-г Өвөр Монголын Эрчим Хүчний Олон Улсын Хамтын Ажиллагааны компанитай байгуулж, гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг сунгасан. Үйлчлэх хүрээгээ тэлэх зорилтын хүрээнд Бөөрөлжүүт-Багануур чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 1-р багцын барилга угсралтын ажлыг 50%-тай гүйцэтгэж байгаагаас гадна Багануур дэд станцын 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийн өргөтгөлийг барихаар төлөвлөсөн. Чойр-Сайншандын төслийн нэгжийг байгуулж, зөвлөх үйлчилгээний тендерийг зарласан төдийгүй 220 кВ-ын Мандалговь-Арвайхээр, 220 кВ-ын Багануур-Чойрын ЦДАШ,дэд станцын ТЭЗҮ-г хийж, Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ухаалаг сүлжээ болох зорилтын хүрээнд Повер БиАй систем ашиглан Дашбоард хийх , улмаар өөрийн СКАДА-тай болох цахим , дижитал шилжилтийн эхлэлийг тавьсан. Хүний нөөцийн тогтвортой байдал, компанийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах үүднээс санхүүгийн дотоод нөөц бололцоогоо ашиглан 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилтнуудын үндсэн болон тарифт цалинг дунджаар 10%-иар, 2023 оны 6-р сарын 1-нээс дунджаар 24%-иар  нэмэгдүүлж ажилтнуудын цалинг нийтдээ 34%-иар нэмэгдүүллээ.

Эрчим хүчний салбарын ган судас, цэх тулгуур болж  эх орны хөгжил дэвшилд оройлон зүтгэж буй та бүхэндээ аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж, дэлхийд ганцхан Монгол наадамдаа бөх нь хүчтэй, сум нь ончтой, хүлгүүд нь шандастай хийморьтой наадахын өлзийтэй ерөөлийг өргөе!

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.ДАШДАВАА


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.