Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж яваа нийт хамт олон та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, шинэ оны мэнд дэвшүүлье. Цаг хугацааны түүх болон улиран одож буй 2025 он манай байгууллагын хувьд маш олон сорилтыг даван туулсан ч томоохон бүтээн байгуулалтуудыг хийж дуусгасан амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа.
Тухайлбал,
• Эрчим хүчний найдвартай, тасралтгүй байдлыг хангах зорилгоор Алтай-Улиастайн болон Баруун бүсийн салбарыг байгуулав.
• Монгол Улсад БНХАУ-аас ЦЭХ импортлох, Төвийн бүсийн цахилгаан хангамжийг сайжруулах төслийн хүрээнд 220 кВ-ын Зэс-Оюу дэд станцын ил хуваарилах байгууламж болон 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг амжилттай дуусгаж, хүчдэл дор залгав.
• Германы сэргээн босголтын зээлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд дэд станцуудын тоноглол шинэчлэх барилга угсралтын ажил 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эхэлсэн бөгөөд 17 дэд станцын ажлыг бүрэн дуусгасан. Ирэх 2026 онд үлдсэн 15 дэд станцын ажлыг гүйцэтгэх бэлтгэл ажил хангагдаад байна.
• Өндөр хүчдэлийн тосны химийн лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 стандартыг авснаар зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, лабораторийн шинжилгээний үр дүн нь үнэн зөв, албан ёсоор баталгаажиж, дотоодын болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдсэн.
• ОХУ-ын “Россети” нийгэмлэгтэй хамтран улс хоорондын агаарын шугамын ашиглалтын түвшинг сайжруулах, 220 кВ-ын 257, 258 дугаар шугамын РХА-ыг шинэчлэх, Баруун бүсийн 110 кВ-ын ЦДАШ-ыг хоёр хэлхээ болгон өргөтгөх, ОХУ-ын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах, тогтворжилтыг хангах зорилгоор аваар эсэргүүцэх автоматикуудын ТЭЗҮ-г хамтран боловсруулах техникийн боломжийг судлах асуудлаар ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бодит төслүүдийг хамтран хэрэгжүүлэх чухал алхам боллоо.
• Монгол Улсын Тогтвортой Эрчим Хүчний чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд 110/35/10 кВ-ын Туул дэд станцыг түшиглэн өндрийн сургалтын төвийг нээлээ. Тус төвд “Өндөр хүчдэлийн техникч”-ийн хосмог сургалт явуулах, багш, дадлагажуулагчдын чадавхыг сайжруулах, бодит орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хэрэгжүүлэх, сэлгэн залгалт, өндөрт ажиллах дадлыг төлөвшүүлэх боломжтой юм.
Ирж буй 2026 ондоо ололт амжилтаа бататган, шинэ дэвшилтэт технологийг ашиглан зорилго, зорилтоо давуулан биелүүлж, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын төлөө хамтран зүтгэх болно.
Компанийн их түүхийг бичилцэж яваа ахмад буурлууд, нийт хамт олондоо 2026 онд урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.
© 2026 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.