Мэндчилгээ

Нийтэлсэн: 2023-10-06


Дамжуулах сүлжээний түүхийн хэлхээ болсон ахмадууддаа Олон улсын ахмадын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Тэртээ 1967 онд Улаанбаатар хотын 3-р цахилгаан станцыг 110 кВ-ын шугамаар Дархан хотын дулааны цахилгаан станцтай холбож, төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ үүсэх үндэс суурь тавигдсан. Тэр цагаас хойш өдгөө Улаанбаатар хот, 18 аймаг, 300 гаруй сум сууринг хамарч, нийт хүн амын 72 хувийг цахилгаан эрчим хүчээр хангадаг Үндэсний сүлжээ болж өргөжин тэлжээ. Энэхүү жараад жилийн түүхийн ахиц дэвшил нь үе үеийн ахмадуудын уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр тодорхойлогдоно. Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээгээр алив салбарын хөгжил урагшилж байдаг. Бид бүгдийн цогцлоосон бүтээн байгуулалт, туршлага, нэр төр, нийгмийн байр суурийг та бүхэнгүйгээр төсөөлшгүй. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчийг тасралтгүй найдвартай дамжуулах эрхэм үүргээ цаг хором бүрт ухамсарлаж, эх орны хөгжлийн тулганд чин халуун сэтгэлээр гал нэмсээр байгаа Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн залуусын хөдөлмөр зүтгэл та бүхнээс өвлөсөн эрхэм нандин үлгэрлэл билээ. Мөдхөн жаран жилийн ойгоо тэмдэглэх Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн бахархал болсон ахмаууд та бүхэндээ дэлгэр Монгол орондоо энх явж, мөнх жаргаж,  урт наслаж, удаан жаргахын билэгтэй ерөөлийг өргөе!

МОНГОЛ УЛСЫН ГАЛ ГОЛОМТ ҮҮРД МАНДАН БАДРАГ!

 

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ДАШДАВАА

2023.10.06


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.