Сар шинийн мэндчилгээ

Нийтэлсэн: 2022-01-30

Салбарын болон компанийн хамт олон, үе үеийн инженер, техникийн ажилтан, ахмад буурлууд, шинэ залуу үеийнхэндээ 17-р жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй цагаагчин үхэр жил манай компанийн хувьд цар тахлыг сөрж, үйл ажиллагаагаа тэлсэн бүтээн байгуулалтын он цаг байлаа. Угтан золгож буй усан бар жилийн босгон дээр шилдгүүдээ шалгаруулахаас гадна компанийн топ 10 ажлаа дүгнэж хэтийн төлөвлөгөөгөө тодорхойллоо. Мөн Эрчим хүчний салбарын “Шилдэг менежер”, “Шилдэг ажилтан” манай компаниас тодорсон бахдам үйл явдал энэ онд тохиосон нь хамтын хүчээр зүтгэсэн бидний нөр их хөдөлмөрийн үр шим байсан юм.

Салбарын онцлох арга хэмжээ болох  Монгол улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс “Оюу толгой” уурхайг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурж төрийн өмчит үндэсний компанийн эрхэм үүргээ гүйцэтгэсэн нь бидний нэр төрийн хэрэг байлаа.

 

Салбарын болон компанийн хамт олондоо угтан золгож буй усан бар жилдээ амьдрал тань аз жаргалаар дүүрэн, ажил үйлс тань амжилт бүтээлээр арвин  байхын өлзий билэгтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Нийтийн сайн сайхны төлөө халдвар хамгааллын дэглэмээ сахиж, гэр гэртээ шинэлж, ахмад буурлуудтайгаа цахимаар золгохыг та бүхэндээ уриалж байна.

 

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

 

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.НЯМСАМБУУ 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.